Wednesday, May 18, 2011

Амжилтын нууц (Hasta La Vista, Baby!)


Холливуд бол гайхамшигт амжилтанд хүрэгсдийн өлгий билээ. Боломжгүй мэт байсан зорилгуудаа бодит амьдрал болгож чадсан жүжигчдийн түүх хэдэн мянгаараа байдаг. Харин миний хувьд нэгэн амбан захирагчийн тухай жишээг дурдах дуртай. Тиймээ энэ бол Арнольд Шварцнегр.

"Залуухан" Арнольд 10 настай байхдаа Австрийн нэгэн жижигхэн тосгонд амьдарч, Америк руу явахыг мөрөөддөг байжээ. Гэвч энгийн нэгэн амьдралтай 6 хүүхэдтэй айлын хүүхдэд бол энэ бол жирийн мөрөөдөл биш байв. Тиймээс Арнольд нэгэн төлөвлөгөө бий болгосон байна. Хэрвээ бодибилдингийн агуу тамирчин болж, Дэлхийн Мистерийн тэмцээнд ялбал энэ нь түүний Америк явах тасалбар болж чадна гэдэгт тэр итгэлтэй байлаа.

Энэ зорилгоо өвөртөлсөн Арнольд 15 настайгаасаа эхлэн маш идэвхитэйгээр хүндийг өргөж эхэлсэн бөгөөд 20 настайдаа дэлхийн хамгийн залуу мистер болж чадсан юм. Түүний амжилт өссөөр л. Тэр хамгийн нэр хүндтэй шагнал болох олимпод түрүүлсэн бөгөөд долоохон жилийн дотор олимпийн аварга болж байсан тохиолдол урьд нь байгаагүй билээ.

Бодибилдингийн эдгээр амжилтуудынхаа үр дүнд түүний тухай Pumping Iron (1977) /Төмөр хүн/ баримтат кино хийгдсэн билээ. Хамгийн гайхашрал төрүүлсэн нь киноны төгсгөлд Арнольд өөрийгөө мэргэжлийн бодибилдингээс "тэтгэвэрт гарах" болсон тухайгаа зарладаг. Үүнд гайхсан продюсер түүнээс " Тэгээд дараа нь та юу хийх юм бэ?" гэж асуухад Арнольд "Би дэлхийн шилдэг бодибилдер байж чадлаа. Харин одоо Холливуд руу дэлхийн шилдэг жүжигчин болохоор явна даа." гэсэн гэдэг.  Камерийн ард байсан хүн хэрхэн нуг нуг инээж, продюсер дотроо "Холливуд аа? Тоглож байгаа байлгүй дээ. Чамд тархины оронд булчин заяасан. Эзэмшсэн боловсрол ч байхгүй. Англиар арайхийн ярьдаг. Тэгээд ч чиний наад нэрийг зөв дуудаж чадах нэг ч хүн олдохгүй биз. Ийм байж Холливуд руу нэртэй жүжигчин болохоор явна гэнэ ээ?" гэж бодон амаа ангайж байсан нь танд магадгүй төсөөлөгдөж байгаа байх.
 
Гэвч Арнольд инээсэнгүй. Магадгүй тэгэхэд тэр тийшээ яаж хүрэхээ ч мэдэхгүй байсан байх л даа. Гагцхүү тэр өөрийгөө хаана хүрэх, юуг хүсч байгаагаа маш тодорхой мэдэж байсан юм.Энэ чинь л жинхэнэ амжилт шүү гэдгийг л уншигч таныг ойлгоосой гэж хүсч байна. Том, алсын хараатай зорилт дэвшүүлэх, өөртөө итгэх, түүнийгээ хэрэгжүүлж эхлэх, биелүүлэхийн тулд бүх зүйлийг хийдэг байх нь өөрөө амжилт юм.

Дээрээс нь өөр нэг маш чухал зөвлөгөө байна. "Ганц"-ын дүрмийг дага. Энгийнээр хэлбэл өдөр бүр ганцхан зүйл л бүтээчих. Хэр жижиг, хэр амархан байх нь хамаагүй. Хамгийн гол нь тэр зүйл тань таныг зорилгодоо хүрэхэд ямх ямхаар, алхам алхмаар ойртуулдаг байх ёстой. Нэг 7 хоногт өөрийн зорилгодоо 5 алхмаар ойрлоо гээд төсөөл дөө. Нэг л мэдэхэд та мөрөөдсөн амьдралаараа амьдарч байх болно.

Өөрийн түүхээ бүтээ. Өнөөдрөөс яг эхлээрэй.

Орчуулсан Ц. Солонго

Эерэг хандлагатай хэн бүхэнд зориулж http://www.pickthebrain.com-оос орчуулан хүргэв.

No comments:

Post a Comment